Post by VENDETTA on Sept 17, 2013 15:01:42 GMT
Эрт үе
Еврази, 1200 оны үед
эрт дээр үеэс Монголд нүүдэлчин овог аймгууд байсан бөгөөд хамгийн анхны улс нь Жүн Ху, Ди гэх зрэг нэршлээр нэрлэгдэж байсан аймгийн холбооны хэлбэрээр оршин тогтнож байсан ба Хятадын Шань Инь улстай нэгэн зэрэг үүсэн бий болсон улс нь Хүннү юм НТӨ 2000 жилийн тэртээ аймгийн холбооны хэлбэрээр байгуулаггдсан бөгөөд дэлхийн түүхэнд хамгийн анхны гэрээг Шан Инь улстай НТӨ 1158 онд байгуулжээ. энэхүү гэрээний зорилго Чжоугийн эсрэг чиглэсэн цэрэг зэвсгийн туслалцаа үзүүлэх харилцан хамтын ажиллагаа үзүүлэх байсан бөгөөд НТӨ 1122 оны үед Шан Инь улс Чжоу улс дайрахад холбоотныхоо үүргийг биелүүлж байсан ба 1118 онд Шан инь улс унасны дараа зүүн хойд азийн црэг улс төрийн тэргүүлэх тавцангийн төлөө Чжоу улстай эн тэнцүү харилцаж байсан байна. Хүннү гүрэнг МЭӨ 209 онд Модунь шаньюй үндэслэжээ. Хүннү гүрэн нь богино хугацааны дотор Циань улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болсон тул Циань улс Цагаан хэрэмийг барин өөрсдийгөө хамгаалахад хүрчээ. Цагаан хэрэм нь жанжин Мэнь Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сяньби, Жужан улс, Муюн, Тоба зэрэг эртний нүүдэлчдийн байгуулсан төрт улсууд оршиж явсаар VI зуунд Түрэгүүдэд дарагдаж, VIII зууны үед Уйгурууд залгамжлан төр улсаа байгуулж, түүний дараа Киданууд залгамжилсан байна. Х зуунаас эхлэн монгол аймгууд хүчирхэгжиж, улмаар 1182-1206 онуудад Чингис хааны Хамаг Монголын Ханлигт бүгд нэгтгэгдэж, Их Монгол Улс байгуулагдсан. Эзэн Чингис хааны байгуулсан энэхүү Их Монгол Улс нь дэлхийн хамгийн том газар нутгийг эзлэн нэгтгэсэн хүчирхэг гүрэн байсан юм. Их монгол улсын газар нутаг Наполеон, Гитлер, Александр Македоны эзэлсэн газар нутгаас 7770 кв.км ам дөрвөлжин газраар илүү байсан байна.
Их Монгол Улс
Гол өгүүлэл: Их Монгол Улс
Монголын эзэнт гүрэн
Монгол улс түүхэндээ хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, Ази, Европын орнуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан XIII зуун юм. Чингис хааныг залгамжлагч хаад үргэлжлүүлэн аян дайн явуулж, газар нутгаа тэлснээр дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудам газар нутагт (24,000,000 ам дөрвөлжин километр) Монголын эзэнт гүрэний хаанчлал тогтож байв. Монголчуудын аян дайн өрнө зүгт Адриатын тэнгис, Мамлук, дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Жава хүрчээ.[6] Монголын эзэнт гүрний Цагаадайн болон Алтан ордны улсууд нь Торгоны зам дагуу оршиж байсан тул дэлхийн худалдааны гол төв болж, тухайн үед оршин тогтнож байсан газар нутагтаа олон хот суурин бий болгожээ. Тэр үед Хятадад луужин, шаазан зэрэг томоохон нээлтүүд хийгдсэн байна. Энэ мэтчилэн монголчууд дэлхийн хөгжилд маш том хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг.
Улс төрийн бутралын үеийн Монгол Улс
Гол өгүүлэл: Умард Юань
XIV зууны дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл, эзлэгдсэн улс үндэстнүүдийн эсэргүүцэл тэмцлийн үр дүнд Монголын эзэнт гүрэн, Юань улс задран бутарснаар Юань улсын монгол хаад ноёд Монгол нутагтаа эргэн ирж, Хархорумд төвлөн Монгол улсаа захирах болжээ. XIV~XVII зууны үеийн Монгол орныг умард Юань, Дөчин дөрвөн хоёр гэх зэргээр нэрлэж байсан ч сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн албан ёсны жинхэнэ нэр нь "Монгол Улс" болно.
Манжийн захиргааны үе
Наймдугаар Жибзундамба Хутагт
XVII зууны үеэс Манжууд Төв Азид хүчирхэгжиж эхэлсэн байна. 1634 онд Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн өөд болсноор манжууд Өвөр Монголыг эрхэндээ оруулж, улмаар 1691 онд Халхууд Манжид дагаар оржээ. Ингэснээр Ойрадаас бусад монголчууд Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ.
Тусгаар тогтнол
ХХ зууны эхээр Манж Чин улсын хүч бууран хэзээ мөдгүй унах нь илэрхий болсон тул Богд Гэгээн болон Монголын ноёд Манжийн засаглалыг халахаар бэлдэж эхэлсэн бөгөөд 1911 оны 12 сарын 29-нд Богд Хаант Монгол Улсыг байгуулан Манжаас бүрэн тусгаарлажээ. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахь амбан болон дарангуй цэргүүдийг 1911-1912 онуудад монгол цэргүүд шахан хөөж улмаар Өвөр Монголыг чөлөөлөх аянд мордон Хаалган хүртэл давшсан ч Хаант Орос, Хятад хоёр орны шахалтын улмаас бусад монголчуудаа нэгтгэж чадаагүй байна.
Богд хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс" юм. Олноо Өргөгдсөн Монгол Улс гэсэн нэр нь буриад, халх, ойрад, өвөрмонгол гээд бүх монголчуудын хамтын дэмжлэгээр байгуулагдсан, бүх монголчуудыг захирах улс гэсэн утгатай тул Орос улс энэ нэрийг эрс эсэргүүцэж байжээ. Америк, Европ тивийн улсууд Монгол улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд илүү олон хүнтэй Хятадыг дэмжвэл ашигтай гэж үзэж байв. Иймээс ч Англи улс Монгол хэрвээ тусгаар тогтновол Төв Азийнхан монголчуудын жишгээр тэр чигтээ бослого гарган салан тусгаарлаж, дэлхийн колоний дэглэмийг нураах аюултай тул монголчуудын тусгаар тогтнолыг устгах, бүх монгол угсаатны нэгдсэн улс байгуулагдахыг эсэргүүцэн хориглохыг Оросод зөвлөжээ. Оросын гадаад харилцааны сайд Сазанов Монголын талаарх бодлогоо "Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" гэж томъёолсон байдаг.[7]
1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит (өөртөө засах эрхт) улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголын нийслэл Өргөөг эзэлж, өөртөө засах эрхийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж хаант засгийг халан бүгд найрамдах улс болжээ. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгуурыг туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Шэбэр, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивиз болон Монголын армийн хамтарсан хүч Японы цэргийг Халхын голд бут цохисноор Халхын голын дайнд ялжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.
Социализмын үе
Дамдины Сүхбаатар
Гол өгүүлэл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс
Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн байна. 1924 онд Монголын сүүлчийн хаан 8-р Богд Жавзандамба хутагт нас барсан бөгөөд мөн онд Богдын дүр тодруулахыг хоригложээ. 1924 он 11-р сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улс болсноор хаант засгаас татгалзсан юм. Түүнчлэн 1940, 1960 онд Үндсэн хуулийг дахин шинэчлэн баталж байжээ. Энэ нь улс орны тухайн үеийн хөгжил, улс төрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоос хамаарч байжээ. Социализмын үед Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Энэ нь манай орны хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг авч ирсэн билээ.
Ардчилсан дэглэм
Гол өгүүлэл: 1990 оны Монголын ардчилсан хувьсгал
1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал цуглаан зохиогдох болж, олон хөдөлгөөн холбоод байгуулагджээ.
1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлаж, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.
Анхны чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.
Төрийн байгуулалт
Гол өгүүлэл: Монгол улсын улс төр
Монголын улс төрийн системийг парламентын засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь Монгол улсын үндсэн хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Монгол улсын үндсэн хууль нь Монгол улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь (МАН (хуучны МАХН) ба АН) улс төрийн хувьд хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000~2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам байв.
1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.
1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Xолбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72, бусад нам эвсэл (АН, МАШСН, МИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. 2008 оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулсан ч ард түмэн сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын уламаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. 2010 оны 10 сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд МУ-ын 3 дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинээр нам байгуулж түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ. 2012 оны Улсын Их Хурлын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонхи болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байна.
Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдорж
Гол өгүүлэл: Монгол Улсын Ерөнхийлөгч
Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болно. Ерөнхийлөгчийг 4 жил тутамд ард түмний шууд сонгуулиар сонгодог.
Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж чадна. Энэ шийдвэрийг улсын их хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог. Монгол улсын Үндсэн Хуулиар Ерөнхийлөгчийн албыг хаших хүнд гурван шаардлага тавигддаг. Үүнд:
Монгол улсын иргэн ба Монголд төрсөн байх
Доод тал нь 45 настай байх
Ерөнхийлөгч болохоос өмнө Монголд таван жил амьдарсан байх ёстой
Одоогийн Ерөнхийлөгч бол Цахиагийн Элбэгдорж юм.
Улсын Их Хурал
Улсын Их Хурлын танхим
Гол өгүүлэл: Монгол Улсын Их Хурал
Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын дарга хурлыг удирдана. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 9 дүүрэг нь нэг буюу олон мандаттай 26 тойрогт хуваагдахаас гадна намын жагсаалтаар 28 гишүүн сонгогддог. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа сонгоно. Одоогийн УИХ-ын дарга бол Зандаахүүгийн Энхболд юм.
Монгол Улсын Ерөнхий Сайд
Гол өгүүлэл: Монгол Улсын Ерөнхий Сайд
Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. Одоогийн ерөнхий сайд бол Норовын Алтанхуяг юм.
Засгийн газар
Гол өгүүлэл: Монгол Улсын Засгийн Газар
Засгийн газар нь 16 яам, 19 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ.
Шүүх эрх мэдэл
Гол өгүүлэл: Шүүх эрх мэдэл
Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Монгол улсын шүүхийн дээд байгууллага нь Улсын Дээд Шүүх юм. Одоогийн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Цэвэгмидийн Зориг юм.
Монгол нь АНУ, ОХУ, БНХАУ, Хойд ба Өмнөд Солонгос, Япон зэрэг олон орнуудтай найрсаг гадаад харилцаатай бөгөөд Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэг.
Монгол улс Астана, Анкара, Бангкок, Берлин, Брюссель, Будапешт, Бээжин, Варшав, Вашингтон, Вена, Вьентьян, Хавана, Дели, Каир, Канберра, Кувейт, Лондон, Москва, Ром, Оттава, Парис, Пхеньян, Прага, Софи, Сөүл, Сингапур, Токио, Ханой, Стокхольмд элчин сайдын яамтай бөгөөд Алматы, Эрхүү, Улаан-Үд, Хөх хот, Эрээн, Кызыл, Хонконг, Осака, Сан-Францискод албан ёсны Консулын газартай юм. Нью-Йорк ба Женев хотуудад НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчид суудаг.
2005 оны 11 сарын 21-нд Жорж Буш Монголд айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон[8]. 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг Болгар улс толгойлж байх үед Монгол тус байгууллагын Азийн нэгэн хамтран ажиллагч болсон.
Газарзүй, уур амьсгал
Монголын нутаг дэвсгэр
1,564,116 км²[9] газар нутагтайгаар Монгол улс нь Иран улсын дараа дэлхийд 19-д орно. 20-д бичигдэх Перу улсаас хамаагүй том юм.
Монгол улс нь өмнөд хэсэгтээ Говь цөл, хойд ба баруун талаараа уулархаг газартай. Монголын нэлээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь Алтай таван богдын Хүйтэн уул бөгөөд д.т.д. 4,374 м-т оршдог. ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв юм.
Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1 сарын дунджууд -30 °C-д[10] хүрдэг. Зарим жилд зуд болох зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолддог. Улаанбаатар хот нь дундаж температураараа дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог жилийн дундаж хэм нь -хэмтэй байдаг дэлхийн цор ганц нийслэл юм. Улаанбаатарын дараа Канадын нийслэл Оттава хот хүйтнээрээ 2-т орно.
Монгол орон өндөрлөг газарт оршдог ба хүйтэн, салхи ихтэй байдаг. Өвөл нь удаан, маш хүйтэн, зун нь богинохон ба зун цагт ихэнх хур тунадас нь унадаг. Жилд дунджаар 257 нартай өдөр тохиодог ба голдуу өндөр даралттай орчны дунд оршдог. Хур тунадас нь хойд талаараа хамгийн их (жилд дунджаар 20-35 см)зарим хур тунадас ихтэй жилдээ 600 мм буюу 60 см хүртэл, өмнөд хэсэгтээ хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ газарт жилд ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.
Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал байхгүй ч тэмээ амьдрах боломжтой. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлийн хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг.
Байгаль орчин
Байгалийн бүс, бүслүүр
Монгол улсын хойд талаас урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн 4 бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс авирахад тайгын ба тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.
Газрын хөрс
Монголд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.
Ус агаар
Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай бөгөөд газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн 2-хон нийслэлийн нэг юм. Монгол улсын хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потаниний нэрэмжит мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай. Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон төв азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана. Орхон бол Монголын хамгийн урт гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин БНХАУ-д урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Үүнээс 1090 орчим км нь Монголын нутгаар урсдаг. Хамгийн ус ихтэй гол нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 мкуб/сек байдаг. Хамгийн том нуур нь Увс нуур (3350 км².
Ургамал, амьтан
Монгол улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.
Хэл
Монгол улсын албан ёсны хэл нь Алтай язгуурын Монгол хэлний бүлгийн Монгол хэл бөгөөд бичгийн систем нь Халх аялгуунд тохируулсан кирилл цагаан толгой юм. Мөн уламжлалт бичиг болох монгол бичгийг хэрэглэж буй. Нийт хүн амын 95% нь халх аялгаар ярьдаг ба монгол хэлний бусад аялгуунд Буриад, Ойрад зэрэг аялга ордог. Баян-Өлгий аймгийн Казах ба Тува нар казах, тувагаар ярьдаг. Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа Орос хэл орно. Мөн хуучин коммунист лагерийн орнуудын хэлийг нилээдгүй хувь эзэмшсэн байдаг.Үүний дотор Герман хэлийг хүн амын 2,3% хувь эзэмшсэн байдаг бөгөөд герман хэлээр ярьдаггүй улс орнуудын хувьд өндөр үзүүлэлт юм.Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой ба харин 1990-ээд оноос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 18835, хараар 11081 монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа (2010 оны 9 сарын 30-ны байдлаар) тул солонгос хэл[19] нь бас газар авч байна. Урд хөршийн хэл болох хятад хэлийг хүмүүс сүүлийн үед сонирхох болж, залуучуудын дунд япон хэл ч бас түгээмэл болж байна.
Шашин
Гандантэгчэнлин хийдийн
Мэгжид Жанрайсиг сүм
Монголчууд Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шүтлэгтэй байсан ч 16-р зуунд буддийн шашинд оржээ.Гэвч бөөгийн мөргөл одоо ч нөлөөгөө алдаагүй хэвээр байдаг бөгөөд Монголын шарын шашин нь бөөгийн шүтлэгийн зан үйлээс нилээд зүйлийг авч хэрэглэжээ.Орчин үед хадгалагдан үлдсэн бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.
20-р зууны үед коммунист засгийн газар шашин шүтэхийг хориглож байжээ. Их Хэлмэгдүүлэлтийн үеэр Хорлоогийн Чойбалсангийн удирдлага доор Монголын ихэнх сүм хийдийг устгаж лам нарыг хэдэн мянгаар нь хороосон байдаг.
1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, гол шашин байсан Төвдийн Буддизм дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ. Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч эхэлжээ. 21-р зуунд зарим судлаач, төрийн зүтгэлтэн нар Мөнх тэнгэрийн шүтлэгийг сэргэх асуудлыг хүчтэй тавих болжээ. 2006 онд Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан юм.
Боловсрол
Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.
1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогийн 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд Монгол хэл бичиг, Орос, Англи, франц, Герман, Хятад хэлнүүд болон Тооны ухаан, Бодисын зүй, Хувилахуй ухаан , Одон орныг судлахуйн ухаан, Дэлхийн байдал, Түүх, Биеийн хөгжил, Дуу хөгжим, Утга зохиол, зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байжээ. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 57 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшихээр 30 хүүхэд явсанаас 6 хүүхэд нь эмэгтэй байсан. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.
1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.
Бага дунд боловсрол нь нийтдээ анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон[20].
Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна. Монгол хүүхдүүд олон улсын чанартай математик физик зэрэг олон уралдаан тэмцээн олимпиадад эхний 3 байр эзэлж дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж яваа
Эрүүл мэнд
Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа[21] ба үүний үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.
АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25[22]-1.87[23], хүн амын дундаж наслалт 67[24]-68[25], Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%[26]-4%[27]; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3%[28] байна.
2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.
Барилгын ур хийц
Гурвансайханы нурууны урдах нэгэн Монгол гэр
Уламжлалт сууц болох гэр нь Монголын барилга урлалын суурь юм. Гэр нь мод, эсгийг ашиглан ихэвчлэн 5-6 ханатай, унь, тоононд тулж босдог, дугуй хэлбэртэй, бөмбөгөр дээвэртэй ба угсардаг оньст бүтээцтэй, нүүдэлчин амьдралд тохирсон эртнээс орон сууцаас гадна сүм, хийд, орд, өргөө ч болдог байв. 16-17-р зуунаас чулуу, тоосгийг ашиглаж, суурин байрлах гэр хэлбэрийн сүм, дуган баригдаж эхэлсэн.
Эрдэмтэн Чүлтэм Монголын барилгын ур хийцийг Монгол, Төвөд, Хятад, эсвэл эдгээрийн хослол хэмээн ангилсан байдаг. Мэдэгдэж буй анхны дөрвөлжин ханатай хийц бол Занабазарын 1654 онд байгуулсан Батцагаан дуган юм. Гэр хэлбэрийн жишээ бол Улаанбаатарт байх Дашчойлин хийдэд байх гэр хэлбэрт сүм юм. Харин 1904 онд баригдсан Чойжин ламын сүм нь Хятад хийцээр баригджээ. Гандантэгчэнлингийн Цогчин нь Хятад-Монгол хосолмол ур хийцтэй юм.
Улаанбаатар хотын архитектур
1930-аад оноос Улаанбаатар хотод ЗХУ-ын нөлөөгөөр орос маягийн нэгээс хоёр давхар барилгууд Монголын архетиктурын хөгжлийн хандлагад хүчитэй түрж эхэлсэн 2000 оноос Улаанбаатарт барууны архетиктурын урсгалд ойртсон барилгууд түрж эхэлсэн байна.
Дуу хөгжим[засварлах]
Монгол нь дуу хөгжмийн уламжлал ихтэй. Хөөмий, морин хуур, бусад утсан хөгжмийн зэмсэг, богино ба уртын дуу зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм. Мөн Хубилай хааны дэргэд 1800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр байсан тухай түүхэн сурвалж байдаг ба монголчууд Ази тивдээ хамгийн анх дуурийн театртай болжээ.
20-р зуунаас барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн зохиолчид гаргаж ирж байна. Харин одоо рок, поп, транс, хип-хоп хөгжмийн урсгал ихээхэн түгэн дэлгэрэх болжээ.
Кино урлаг
Социализмын үед МАХН киног өөрийн үзэл суртлыг сурталчлах хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950-иад оноос ажилчин ангийн тухай сэдэвтэй болсон байна. 1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй кинонууд гарах болов.
Ардчилал гарсны дараа кино урлаг нэг хэсэг уналтад орсон ч сүүлийн үед сэргэж байна.Сүүлийн үед Доржхандын Төрмөнх, Даваагийн Бямбасүрэн зэрэг бие даасан найруулагчдийн уран бүтээл хүмүүст нилээдгүй үнэлэгдэх болсон ба Бямбасүрэнгийн "Ингэн нулимс" кино нь 2005 онд Оскарын шагналын шилдэг гадаад баримтат киноны төрөлд нэр дэвшиж байсан удаатай.
Хоол
Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд төрөл бүрийн сүү боловсруулж цагаан идээ хийдэг. Монголчууд эртнээс хавар, зун, намар нь сүү цагаан идээгээр зусдаг байв. 20-р зуунаас Европ хүнсний ногоо монголчуудын хоол хүнсний чухал хэсэг болсон. Сүүлийн үед ногоон хоолтон хүмүүс их бий болж байгаа. Мөн дэлхийн олон үндэсний хоолны газрууд бий болж солонгос, хятад хоол их идэх болсон.
Спорт
Бөхийн Өргөө
Эрийн гурван наадам болох морины уралдаан, сур харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.
Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.
Сүүлийн үед ширээний теннис, жудо, сагсан бөмбөг, хөлбөмбөг ихээхэн дэлгэрч монгол тамирчид эдгээр төрлүүдээр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.
Олон улсад
Монгол бөхчүүд Японы сүмо бөхөд маш амжилт гаргах болсон. 2003 онд Асашёорюү нь анхны Монгол ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь, Ама 2012 онд гуравдахь нь болжээ.
Одоогоор Монгол улсын тамирчид зуны олимпоос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд буй.
Жүдогийн 100 кг-ийн жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.[29] Тэрээр 4 жилийн дараа олимпоос мөнгөн медаль зүүснээр олимпийн хос медальтай, Монголын анхны тамирчин болсон. Мөн олимпийн хүрэл медальт Хашбаатарын Цагаанбаатар нь Монголоос төрсөн жүдогийн анхны дэлхийн аварга юм.
Буудлагын төрөлд монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо Германы иргэн болсон), мөн Отрядын Гүндэгмаа олимпийн мөнгөн медальтай.
Сонирхогчдын боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байгаа. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. П.Сэрдамба 2009 онд Монголын тамирчдаас анх удаа дэлхийн аварга болсон.
Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан.
Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.
2012 оны зуны олимпоос Монгол Улс алтан медаль авч чадаагүй ч түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль хүртжээ.